1 Нэгдүгээр бүлэг : Хувь төөрөг

Баруун болон Зүүн Суръяагийн хоорондох зуун жилийн цуст дайнаас хойш хоёр зуун жил өнгөрчээ. Тэрхүү дайны үнснээс Тэнгэрийн улс Хонрей мандан гарч ирснээр сүүлийн хоёр зууны турш зэвсэг, цэрэг арми, гоёл чимэглэл,гоо үзэсгэлэн, торго дурдан гээд тэднийг гүйцэх зүйл хаа ч үгүй. Ялангуяа охид бүсгүйчүүд нь гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болно.

Хонрейн хаан Ранагийн хатан Ариняа бол бүхний дээдээс дээд, эрхэмсгээс эрхэмсэг нэгэн. Хатны хар нүд бусдыг ховсдох мэт, уруул нь яг л боловсорч гүйцсэн гүзээлзгэнэ адил улаан бас булбарай, урт хар үс нь торго лугаа зөөлөн, гэрэлтсэн цагаан арьсанд нь толбо тогтох вий гэмээр эмзэгхэн, хатны мишээх нь одод газарт буугаад ирэв үү гэмээр. Хаан түүнийг анх хараад л дурласан гэдэг.

Аянга нүргэлсэн бороотой орой. Хааны ордон. Хатны өргөө.

"Ааааа...ааанх...ААа... хааа"

"Хатантаан дахиад жоохон хүчтэй. Хүүхдийн толгой бараг гарч ирж байна. Дахиад ганцхан удаа" газар ээж хатанд дахин дахин хэлнэ. Хатны хөлс цутгалан урсаж, хамаг биеийнх нь тамир барагдах сацуу хайрынхаа дундаас бий болсон мах цусныхаа тасархайг бүтээчих вий гэхээс айх айдас дүүрэн байлаа. Рана хаан хатны өргөөний үүдээр их л түгшсэн мөн санаа зовнисон байдалтай нааш цааш холхих агаад "Асура бурхан минь, түүнийг минь эсэн мэнд төрөхөд туслаач!" хэмээн амандаа бувтнана.

Бүх л шөнийн турш хатны өргөөгөөр орилох дуун цуурайтсны эцэст үүр цайхын өмнөх мөчид хялх хүүхдийн уйлах дуу жингэнэлээ. Хаан яаран орвол хатны авхай нар хүүхдийн хүйг тайрч, цусыг цэвэрлэж байх ба хайрт хатан нь орон дээр хамаг тэнхээ нь барагдан хэвтэх аж. Ордны оточ эмийн ургамлын хурц үнэртэй танг хатанд барих ба шивэгчин халуун танг халбагадан аажуухан үлээгээд түүнд уулгаж байв.

Хааныг орж ирснийг хараад бүгд ёслох гэхэд хаан гар өргөн болиуллаа. Тэрбээр хэсэг хүлээгээд удаанаар алхан орны хажууд очвол залуухан зарц охин ууж дуусгасан тангийн аягыг бусад хэрэглэлүүдийн хамт аваад угаахаар гарч одов. Хаан орны захад суугаад хатныхаа булбарай зөөлөн гарыг аажуухнаар атгавал сая л нэг ухаан сэхээ орж, өрөөг бүхэлд нь харахтай болсон Ариняа хатан "Хүү, хүүхэд минь хүү юу?" гэвэл хатны шивэгчин шар торгон өлгийтэй нярайг авчран хаанд тэврүүлээд "Хатантан минь, та эрүүл саруул нуган үр төрүүллээ" хэмээв.

Дөнгөж төрсөн бяцхан ханхүү өрөө хангинатал уйлах агаад сүү амлахыг их л хүсэмжлэх мэт амаа хөдөлгөх нь Рана хааны хайрыг тэр дороо булаах аж. Ханхүү дөнгөж төрсөн ч гэсэн жижигхэн товчин хамар, дүрэлгэр хар нүд нь яг л хатныхаа бага балчир үеийг харж буй мэдрэмжийг төрүүлэх нь бүр ч таатай. "Бүр хатны зүүн нүдний доорх жижигхэн хар мэнгэ хүртэл адилхан байна шүү" хэмээн хаан эрхий хуруугаараа ихэд энхрийлэн нялх ханхүүгийн мэнгийг илэв.

"Хаантан минь, алив наашаа дөх л дөө. Би ч гэсэн хүүгээ тэвэрье" хатан аяархан дуугаар хэлэв. Тан уугаад бие нь овоо тэнхэрсэн бололтой хацарт нь ягаа бутарч харагдана. Хаан хатанд хүүгээ тэврүүлээд өөрөө хатны хажуугаар орон суугаад хатны бэлхүүсээр тэврэн суугаад хөлстэй духыг нь зөөлөн үнсэв.

"Чамайг зүгээр байгаад Асура бурхандаа талархъя. Ордны отчийн хэлснээр амь насанд чинь ямар нэг аюултай байх вий гэхээс ихэд айж байлаа. Би та хоёрыгоо алдвал яаж амьд явах билээ" хэмээн хаан их л зовнин хүүрнэвэл "Хаантан минь, одоо бүх аюул ард хоцорсон. Та бүү сэтгэлээ чилээж, санаагаа зовоо. Ханхүү бид хоёр таны хажууд эсэн мэнд байгаа бус уу? Та санаа амар байгтун" хэмээн хатан хааны цээжийг налан тайвшруулсан аястай хэлэв.

Бяцхан ханхүү ээжийнхээ энгэрт тэврүүлж байгаагаа мэдэх мэт дүрэлгэр хар нүд нь их сониучирхан ажиглах нь хатны сэтгэлийг ихэд хөдөлгөх бөгөөд өөрийн эрхгүй баярын нулимс дуслуулав. "Хаантан минь, би их хувьтай хүн юм. Олон жилийн дараа таны үрийг тээн төрүүлэх хувь заяалаа. Хэрэв дахиад нэг жил болсон бол хатан би өөрийн биеэр танд татвар эм сонгож өгөх бодолтой байсан юм. Гэтэл гэнэт бие давхар болж, ханхүү тэр бодлыг минь борооны үүлийг салхи үлээх мэт замхруулсан" гэвэл хаан ихэд балмагдан "Чи юу ярина вэ? Би яах гэж татвар эм авах билээ. Битгий ийм юм ярь. Чамайг ханхүү, гүнж төрүүлээгүй гэж би нэг удаа дурамжхан аашлаагүй атал чи юунд тэгж санаа зовниж, сэтгэлээ чилээсэн юм. Хэрэв тэгж их санаа зовсон юм бол надад хэлэхгүй нууж л байдаг. Бүүр болохгүй бол авга дүүгийн таван хүүхдийн нэгийг өргөж авахад болохгүй зүйлгүй. Одоо битгий ийм асуудалд сэтгэлээ чилээ. Харин хурдан биеэ тэнхрүүлж, ханхүүг нас биед хүрсэн хойно сайн гүнж сонгож өгөх тал дээр зовни" хэмээн хүүрнэв.

Хэдийгээр Ариняа хатан үзэсгэлэн төгс хэдий ч хүүхэд байхаасаа л бие сул учир хүүхэд олоход хэцүү хэмээн оточ болгон адил онош хэлнэ. Гэсэн ч Рана хаан өөрийн эцэг Рамудагийн үгнээс зөрүүдэлсээр улсын их жанжны нүдний алим болсон ганц охин Ариняаг авч суусан нь тэр билээ.

Рана анх Ариняаг хаан аавынхаа насны найран дээр орж ирэхийг хараад шууд анхны харцаар дурласан бөгөөд Рана хаан дөнгөж 12 нас хүрээд байсан бол Ариняа яг л хаврын нахиа шиг дөнгөж цэцэглэж эхэлсэн 15 настай байлаа. Тэр өдрөөс хойш Рана хаан боломж гарах бүрт Ариняатай ордны цэцэрлэгээр зугаалах, ёслолоор дэнлүү хөөргөх гээд энгийн өдрүүдээр ч тэр баярын өдрүүдээр ч тэр байнга хамт байсаар өөрийн эрхгүй Ариняа ч Ранад чин сэтгэлээсээ дурласан хэрэг.

Хааны угсааны хүмүүс 16 нас хүрээд нас биед хүрсэн гэж үзээд гэрлэж болох учир Рана хаан 16 насыхаа баяраар Ариняатай нижгэр сайхан хурим хийснийг Хонрейгийн ард иргэд бүгд мэднэ. Хаан хатан хоёр дэр нэтгээд 15 жил болсон ч үрийн зулай үнэрлэлгүй өдийг хүрсний эцэст угсаа залгамжлах ханхүү төрж хаант улс даяар найр наадам, баяр хөөрөөр дүүрэн байлаа. Рана хааны хаанчлал 13 жилийн өмнө эхэлснээс хойш Хонрейгийн улсын сан гурав дахин өргөжин, цэрэг арми нь хоёр дахин хүчирхэгжсэн. Ард иргэд ч өлсөх цангахын зовлонгүй амар жимэр амьдарч байгаа нь хааны уран санаа, алсын харааны ач хэмээн хаан удмынхныг ихэд хүндэтгэн үзнэ.

Хонрейчууд хүүхдийг зуу хоног хүрэхээс өмнө тамын Ахура бурхан аваад явчихна хэмээн огт нэр өгөлгүй өхөөрдсөн нэрээр дууддаг заншилтай бөгөөд хэрэв үүнээс өмнө нэр өгвөл тамын бурхан хэзээд нэрээр нь хайн олж ирнэ хэмээн цээрлэцгээнэ.

Хатан бяцхан ханхүүг тэврээд бүүвэйн дуу аялан суух нь тэнгэрийн дагина бууж ирсэн мэт үлгэрийн харагдана. Бүүвэйн дууны ая уянгалаг бас шидийн гэмээр харин үг нь нэг л танил бус урьд сонсогдоогүй хэлээр аж. Энэхүү дууг Ариняагийн ээж хорин жилийн өмнөх тэр нэгэн нартай өдрийг хүртэл өдөр болгон дуулж өгдөг байснаас цээжинд үлдэж хоцорчээ.

Хатны чихэнд цэцэрлэгийн ногоон зүлэгний шаржигнах чимээ сонстоход эргэн харвал Рана хаан нар мэт мишээн түргэн түргэн алхан ойртон ирэх нь тэр. "Өнөөдөр бидний хүүгийн зуун өдрийн ойн баяр болно. Бие чинь чилээрхээгүй биз? Чи суугаад амарч бай. Би хүүгээ авъя. Оройн найр удаан үргэлжлэх тул одоо сайн биеэ амраа" гээд унтаж байгаа ханхүүг тэврээд хатны гараас хөтлөн алхаад зарц нарын бэлдсэн зөөлөн диван дээр ирэн суув. "Хатан би тан ууж, ханхүүг унтуулахаас өөр хийх ажилгүй. Харин хаантан та улсын хэрэг явдал гээд ядарч байгаа яаж ханхүүг авч таарах вэ" гэвэл хаантан инээмсэглэн "Би өнөөдрийн улсын бүх ажлыг хойшлуулсан. Хүүгийн минь хувь төөрөг шийдэгдэх өдөр бусад ажил чухал биш. Би сая улсын их багштай уулзаад ирлээ. Эхлээд хоёулаа хийдэд очиж ханхүүгийн хувь төөргийг их багшаас сонсоод ёслолын талбай руу очиж хүүдээ бурхдаас адислал хүснэ. Сайн цаг нар жаргахаас өмнөхөн учир тэр үед Намин ёслолыг үйлдвэл зохино гэж дээд удган хэл хүргүүлсэн. Одоо сайн амраад тэнхээгээ нөө" хэмээгээд хатны духыг үнэрлэв.

Хүүхэд бүрийн Намин ёслол адилхан байдаг. Гагцхүү тэмдэглэх хүрээ нь тухайн гэр бүлээс хамааран адилгүй. Эхлээд заавал хийдэд очиж мэргэн багш эсвэл зурхайчаар хүүхдийнхээ заяа төөргийг зуруулах бөгөөд бурхдад хүндэтгэл үзүүлэх зорилгоор хийдээс ёслол үйлдэж буй танхим руу заавал явганаар алхана. Эс тэгвээс бурхдыг доромжилж байна хэмээн хүүхдийн амь насанд аюул учирна гэж үздэг.

Хаан Рана, хатан Ариняа хоёул Суранда танхимыг чиглэн аажмаар алхана. Хатны нүдэнд нулимс цийлэгнэх хэдий ч сэтгэлээ хатамжлан дуслууланхгүй байхыг хичээх агаад сэтгэлд нь Шийна хийдэд улсын их багшийн өгүүлсэн нялх ханхүүгийнх нь хувь тавилангийн талаарх гашуун үгс чихэнд сонсогдох шиг болно.

"Ханхүү хаврын дунд сарын 9 дахь өдрийн үүрээр төрсөн. Ханхүү хаана ч байхгүй сайхан сэтгэлтэй, өгөөмөр энэрэнгүй хүн болж өсөх төөрөгтэй нэгэн юм. Гэсэн ч үүнээсээ болон бусдын сайн сайхны төлөө хамгийн хүнд хэцүүг ч ганцаар даван туулахаас буцахгүй болно. Насан туршдаа нэгэн хүнийг хайн амьдрах заяатай гэж мөхөс би эмээнэ. Зовлонгийн одон үүрээр харвасан учир амьдрал нь зовлонгоор дүүрэн байна. Гэсэн ч зуны адаг сарын 8 дахь өдрийн жаргалын одон харвасан цагаар* төрсөн нэгэн хүүхдийг олж ханхүүгийн дэргэд байлгаваас хувь тавиланг дэнслэн, магад сөрж чадах. Гэсэн ч хаантан тун болгоомжтой байгтун. Тэр хүүхдийг ханхүүгийн хажуугаас огт холдуулж болохгүй. Хэрэв тэгвээс аль нэг нь үхэх эсвэл тэр хэмжээний зовлонд нэрвэгдэх аюултай" хэмээн их багш ихэд зовнин өгүүллээ.

Хатанд хэлэх үг олдсонгүй. Арай гэж төрүүлсэн үрийг нь ийм аймшигтай хувь тавилан хүлээнэ гэж хэн ч үл төсөөлнө. Харин бүхнийг анхааралтай сонсон суусан хаан "Хэрэв тийм хүүхэд олдохгүй бол яах вэ? Олдсон ч тэр хүртэл ханхүүгийн амь насыг хэрхэн хамгаалах вэ?" хэмээн тун нухацтайгаар асуулаа. Их багш өгүүлрүүн, "Тийм хүүхэд заавал гарч ирнэ. Харин хэзээ гарч ирэхийг миний энэ муухан мэдлэг даанч тооцоолж үл хүрнэ. Тэр үе хүртэл ханхүүг олны нүднээс далд холын тосгонд өсгөх учиртай. Эс бөгөөс ханхүү дөрвөн насны баярыг үзэлгүй халина" хэмээв. Хатны нулимс хацар даган урсана. Рана хаан хатныхаа чичирч буй гарыг атгаад "Би арга зам олно" хэмээн эгцлэн хараад эрс шийдэмгийгээр хэлэв.

"Хаан эзэн Рана, хатан Ариняа хүрэлцэн ирлээ" хэмээн зарлагч чангаар дуугарч цугласан олонд мэдэгдэв. Хаан хатны гараас чангаар атгаад ёслолын танхимын голд байх мөргөлийн тавцан дээр ирэн зогсвол хатны нэгэн авхай ханхүүг авчран тэврүүллээ. Хатны гар чичрэх хэдий ч тайвшрахыг ихэд хичээн хааныг эгцлэн харвал харцнаас нь үр хүүхдийнхээ төлөө юуг ч сөрөхөд бэлэн эцэг хүнийг олж хараад зориг орон саяхныг хүртэл тарж бутарсан ухаан нь цэгцрэв.

Их удган ёслолын бүжгийг эхлэлээ. Хөгжимчид олон янзын зэмсгүүдийг уянгалаг сайхнаар тоглох агаад бүжигчид гоёмсгоор нааш цааш бүжин олны сэтгэлийг хөдөлгөнө. Хэдийгээр их удган тавин насыг зооглож яваа ч тун эрхэмсгээр хөгжмийн аялгуунд тааруулан мөргөлийн бүжгийг үйлдлээ. Ёслолд хааны удмынхан, түшмэд, ноёд гээд дээд угсаатнуудаас гадна цэргийн өндөр хэргэмтнүүд, мэргэд, яруу найрагчид гээд олон төрлийн хүмүүс ирсэн байх ба бүх хүний нүүрэнд инээмсэглэл тодорно. Гагцхүү хаан хатан хоёр л ихэд нухацтай царайтай байсныг хөөрч баярлацгаасан олны хэн ч анзаарсангүй.

Их удган бүжгээ дуусгалаа. Нар жаргаж эхэлж буй бөгөөд тэнгэрийн хаяа улаан улбар өнгөнд будагдах нь яг л дүрэлзэн асаж буй галыг санагдуулна. Удган бурхдыг дуудан дуулж эхлэв. Уянгалаг сайхан дуу хэдий ч хатны хувьд аймшигтай хорон муу санагдана. Харгис, хэрцгий хувь заяаг дуудах энэ дууг хэзээ ч бүү мартах.

Нар яг жаргах мөчид удган гэнэт дуугаа зогсоож, ёслолын өндөр тавцнаас үсрэн бууж ирээд, "Та нар бурхны төөргийг цусаар уйлсан ч өөрчилж үл чадна. Гагцхүү хувь төөргийг дэнслэх нэгэн л балчир ханхүүг аварна. Түүнийг сарны хамгаалагч хэмээх. Ханхүү хамгаалагчийг төрснөөс хойш хэнд ч царайгаа харуулалгүй амьдарч чадваас амь насаа аварч болно. Гэсэн ч санагтун уулзсаны дараа хагацваас хоёул ёроолгүй ангалд унана" хэмээн нүд нь улаанаар эргэлдэн хэллээ. Цугласан олон зогтусан гайхаж, амьсгаа даран удганы дараагийн үгсийг чагнав.

"Олон жилийн харгис дайны төлөөсийг бидний өмнөөс ханхүү төлөх тавилантай төржээ. Тэнгэр заавал төлүүлэх хүсэлтэй. Мөхөс миний амь ч бай өөр бусдын амь ч төлж дийлэхгүй далай шиг их нүглийн энэ тойрогт ханхүү л цэг тавих учиртай. Эс бөгөөс энэ улс удахгүй дахин цусан далайд живнэ" хэмээгээд ханхүүгийн өлгийн үзүүрээр нүүрийг нь зөөлхнөөр бүтээгээд хатны энгэрээс авч тэврээд ханхүүгийн зүүн чихэнд "Амрита, Амрита, Амрита" гэж гурван удаа аяархан шивнэв.

"Ханхүүгийн нэрийг хамгаалагчаас өөр нэгэн дуудахыг цээрлэгтүн. Дуудваас тэр хүний хэлийг огтолж дахин нэг ч үг хэлж үл чадах болгосугай. Энэ бол бурхдын таалал" хэмээн их утган танхимыг цуурайтуулан чангаар хэллээ.

Бүгд амьсгаа барин аниргүй нам гүм байх аж. Хүн бүр яагаад ханхүү энэ их нүглийг үүрэх болсныг дор бүрнээ гайхан зогсоно. Тэртээ хоёр зууны өмнө дуусгавар болсон тэр дайны төлөөс өнөөдөр хаалга тогшино гэж хэн санах билээ. Гагцхүү их удган л үүний учрыг бүрэн төгс ойлгох бөгөөд гашуун үнэнийг авсандаа авч орохоор шийдэн ханхүүг хатанд буцаан тэврүүлээд хаанд хандан "Энэ мөчөөс түүний хувь тавилан төөрөг эхэллээ" гэж хэлчхээд ёслолын тавцан дээр байсан мөнгөн хутгийг хуйнаас нь сугалан аваад тэр дороо хэлээ огтлон дүрэлзэн асаж буй аварга чулуун бамбруудын нэгэн дотор шидэж орхив.

Хэн ч юу ч дуугарсангүй. Бүр уулга алдаж ч зүрхэлсэнгүй. Бүх зүйл үнэхээр хурдан болж өнгөрлөө. Ёслол дуусахтай зэрэгцэн хаан хоёр зарлиг гаргасны нэг нь цугласан олны хэн нь ч өнөөдрийн явдлыг гадагш тараахыг хориглов. Хэрэв энэ бүхэн гадагш тарвал ямар ч хэргэмийн хүн байсан гэр бүлийн бүх гишүүдийн бичиг үсэгтэй болгоныг амьдаар нь булж, үлдсэнийх нь хэлийг таслан алсын газарт цөллөгт явуулах аймшигтай энэ шийдвэр Хонрей улсын түүхэнд мөнхөд бичигдэн үлдлээ. Үлдсэн нэг зарлиг нь хаант улс даяар "хамгаалагч"-ийг хайх байв.

Маргааш өглөөн ургах нартай уралдан хааны ордноос хамгийн шилдэг дөрвөн цэрэг, дөрвөн алуурчин нийт найман хүнээр хамгаалуулсан энгийн бөгөөд том гурван сүйх тэрэг хамгийн хойд зүгт орших Даръяа тосгоныг чиглэн хамаг хурдаараа довтолгох аж. Салхи салхилан хөшигнүүдийг нь сэвэлзүүлэхэд эхний сүйхийн цонхоор бор нөмрөг бүчлэн зангидсан их удганы бодлоширсон харц зэрвэсхэн үзэгдэнэ. Үүний ард явах сүйхний хөшиг битүү бөгөөд хөллөгөө морьдынх нь байдлаас ажвал их л хүнд байгаа бололтой. Хамгийн сүүлийн сүйхнээс хялх хүүхдийн сүүн үнэр, хатны анхилам сүрчиг холилдон ханхлах бөгөөд салхинд замхран уусна.

Рана – Санскрит хэлэнд "хаан", Араб хэлэнд "нүд булаам" гэсэн утгатай үг.

Ариняа – Тайланд "үзэсгэлэнтэй ухаалаг эмэгтэй" гэсэн үг.

Асура – Санскритаар "ариун, гэгээн", Буддизмд "хагас бурхан"-г илэрхийлдэг.

Ахура – Эртний Иран шашны бурхан Ахура Мазда нь сайн бүхнийг бүтээгч хэмжээлшгүй мэдлэгтэй бурхан. (сайн бурхныг муу болгосон болно)

Намин – Англи хэлний "naming" буюу"нэр өгөх" гэсэн үгийг галигласан болно.

Хаврын сарууд – 3, 4, 5. 4 тоо хятад хэлэнд "үхэх" гэсэн үгтэй төстэй сонсогддог учир азгүйд тооцогддог.

Япон хэлний 9 тоо "зовох, тарчлах" гэсэн үгтэй төстэй сонсогддог.

Зуны сарууд – 6, 7, 8.

Яг нар жаргахын өмнөх үе* (зохиосон болно)

Эрэгтэй хүүхдийн баруун чихэнд, эмэгтэй хүүхдийн зүүн чихэнд шивнэдэг монгол ёс бий.

Амрита – Санскрит хэлний "мөнх" гэсэн утгатай үг. Эртний Энэтхэг хэлэнд "мөнхийн рашаан" гэсэн утгаар хэрэглэгддэг.

avataravatar
Next chapter